Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээний гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт баасан гаригт цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Уулзалтын хүрээнд АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн төрийн тэргүүн нар “COVID-19”-ийн эсрэг вакцины өрсөлдөөнд Бээжинг давамгайлах зорилгоор Энэтхэг улс дахь вакцины үйлдвэрлэлийг эрчимжүүлж, Африк болон Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад вакцины шаардлагатай тунг нийлүүлэх асуудлаар санал солилцох юм.
Ажиглагчид бүс нутгийн хувьд гол сөргөлдөгч талууд болох Бээжин болон Шинэ Делигийн өрсөлдөөн коронавирусийн вакцины салбарт олон улсыг хамарсан үйл явц болж өрнөж байгааг онцолсон юм.
Тэгвэл Энэтхэг улс лхагва гаригийн байдлаар Монгол тэргүүтэй дэлхийн 66 оронд 58 сая тун вакцин нийлүүлээд байгаа аж. Үүний 8 сая тунг хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон бол 16 сая тун вакциныг “COVAX” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн байна.
Харин БНХАУ-ын хувьд өнөөдрийн байдлаар мөн Монгол Улс тэргүүтэй дэлхийн 69 оронд вакцин хандивлаад байгаа бол 43 улсад өөрсдийн вакцинаа экспортлох ажлыг эхлүүлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ “COVAX” хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй орнуудад 10 сая тун вакцин нийлүүлэх аж.