Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хоёр эмч коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Тус төвийн 7-8 эмч гуравдугаар сарын 4-ний пүрэв гарагт сагсан бөмбөг тоглосон бөгөөд сагс тоглосон эмч нарын нэг нь гуравдугаар сарын 9-ний өдөр ажилдаа ирэхэд хоолой өвдөх зэрэг халдварын шинж илэрсэн байна.
Иймд түргэвчилсэн оношлуураар шинжлүүлэхэд хариу эерэг гарсан тул ХӨСҮТ-д хандаж, PCR шинжилгээ хийлгэснээр хариу мөн эерэг гарч халдвар авсан нь батлагджээ. Халдвар авсан эмч тус эмнэлгийн Эмзүйн албанд харьяалагддаг бөгөөд шинжилгээний хариу батлагдсан даруйд ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг үе шаттайгаар шинжилгээнд хамруулж эхэлжээ. Шинжилгээгээр сагс тоглосон бас нэг эмчээс коронавирус илэрсэн байна.
Халдвар илэрсэн, хавьтал болсон эмч, мэргэжилтнүүдийг эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд шилжүүлсний дараа ЗӨСҮТ-өөс тус эмнэлэгт голомтын ариутгал халдваргүйтгэл хийжээ.
ГССҮТ өчигдрөөс эхлэн эмч, мэргэжилтнүүдээ хоёр ээлж болгон, өдрийн цагаар нийт ажилтнуудын 50 хувь ажиллах зохион байгуулалтад оров. Ажилтнуудад хийсэн шинжилгээний хариу бүрэн гараагүй байгаа бөгөөд эрсдэл нэмэгдвэл хоёр дахь ээлжийнхэн ажиллах юм байна.
Тус эмнэлгийн эмч, ажилтнуудыг коронавирусийн эсрэг вакцинд өөрийнх нь хүсэлтээр хамруулж байгаа аж. ГССҮТ-д коронавирусийн халдвар батлагдаад 72 цаг болсон ч ЭМЯ-наас 11.00 цагийн мэдээллээрээ энэ талаар олон нийтэд мэдээлээгүй буй юм.