Ойрын хавьтлын хүмүүсийг гэрт нь 14 хоног тусгаарлахаар болж байгаа талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.
Тэрбээр “Халдварын нөхцөл байдал хүндэрч, халдварын тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай зэрэг шалтгааны улмаас Улаанбаатар хот халдварын тархалтын бэлэн байдлын дараагийн үе шат буюу улбар шар зэрэгт өнөөдрөөс эхлэн шилжсэн.
Үүнтэй холбоотойгоор ойрын хавьтлыг тусгаарлах журамд өөрчлөлт орлоо.
Өмнө нь ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарлах байранд 7 хоног, гэрийн тусгаарлалтад 7 хоног байлгадаг байсан бол өнөөдрөөс 14 хоног гэрт нь ажиглан тусгаарлахаар болов.
Ингэхдээ ойрын хавьтлын бүх хүнийг гэрт нь тусгаарлахгүйг ойлгох хэрэгтэй.
Тодруулбал, ЭМ-ийн сайдын А/101 тушаалыг дагуу:
- Эмнэл зүйн үнэлгээ,
- Гэр ахуй, орчин нөхцөлийн үнэлгээ,
- Эмнэл зүйн шинж тэмдгийн өөрчлөлтийг хянах үнэлгээ гэсэн гурван төрлийн үнэлгээний үндсэн дээр тухайн хүнийг гэрийн тусгаарлалтад үлдээх болон тусгаарлах байр, эмнэлэг рүү авч явах шийдвэрийг гаргана.
Гэрийн тусгаарлалтад байхад тухайн иргэн болон гэр бүлээс нь маш өндөр сахилга, хариуцлага шаардана.
Гэрийн тусгаарлалттай холбоотойгоор тодорхой эрсдэлүүд нэмэгдэнэ. Тиймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх хэрэгтэйг сануулж байна” гэсэн юм.