Дани улсад коронавирусийн эсрэг “АстраЗенека” вакциныг тариулсан зарим хүнд цусны бүлэглэл үүсч, улмаар нас барсан тохиолдол бүртгэгдсэнийг зарласны дараа Европын хэд хэдэн улс “АстраЗенека” вакцинаар хүн амаа дархлаажуулах ажлыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Тэгвэл өчигдөр ХБНГУ болон Франц, Нидерланд улс “АстраЗенека” вакцины хэрэглээг түр хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Хэдий ДЭМБ-аас “АстраЗенека” вакциныг аюулгүй, хамгийн олон хүн дээр туршсан сайн вакцин гэж мэдэгдэж байгаа ч шинжлэх ухааны салбарт тэргүүлэгч Герман, Норвеги, Дани зэрэг орнууд аюулгүй байдлыг хангах, шалгах үүднээс “АстраЗенека”-г түр түдгэлзүүлж байгаагаа мэдэгдэв.
Германы Эрүүл мэндийн сайд Йенс Спан “АстраЗенека”-г зогсоож байгаа нь улс төрийн ямар нэгэн шалтгаангүй, энэ бол цэвэр шинжлэх ухаанчаар хандаж байгаа мэргэжлийн шийдвэр гэдгийг тодотгосон байна. Тэрээр “Герман болон Европын цөөнгүй оронд “АстраЗенека”-г хийлгэсэн хүмүүст тархины судсанд нь бүлэгнэл үүссэн талаар шинэ мэдээллүүд ар араасаа гарч байгаа учраас Пол Эрлихийн Хүрээлэн цаашдаа уг вакциныг хэрэглэхийн тулд зайлшгүй шалгалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Клиник судалгааны үр дүнг харвал “АстраЗенека” вакцин цусны бүлэгнэл үүсгэх шалтгаан бага ч, бид аюулгүй байдлыг хангах үүднээс түр зогсоож, зайлшгүй шалгах ёстой” гэжээ.
Гэхдээ Герман улсын Эрүүл мэндийн яамны “АстраЗенека” вакциныг “COVID-19”-ээс урьдчилан сэргийлэх, халдвараар өвчилсөн ч хүндрэх, нас барах эрсдэлээс бүрэн сэргийлэхэд үр дүнтэй гэсэн байр суурь хэвээр байгаа бөгөөд аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс түр зогсоож байгааг дурджээ.
Харин ДЭМБ-аас Европын зарим орны гаргаж байгаа шийдвэрээс болж ковидын вакцинжуулалтыг түр зогсоохгүй байхыг улс орнуудад уриалав. Одоогоор “АстраЗенека” вакцин нь цусны бүлэгнэл үүсгэж байгааг шууд хооронд нь холбосон нотолгоо байхгүй гэдгийг цохон тэмдэглэв.
ДЭМБ-ын вакцины аюулгүй байдлын мэргэжилтнүүд мягмар гаригт хуралдаж, “АстраЗенека” вакцины асуудлаар дахин ярилцах бол Европын Эмийн Агентлаг (EMA) пүрэв гаригт дүгнэлтээ гаргах юм байна.