УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг тусад нь болгох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд нөхөн сонгууль болохтой холбоотой зардлын асуудал хийгээд чухам яагаад Ерөнхийлөгчийн санал хураалттай хамтатгаж болохгүй байгааг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Мөнгө хэмнэх үүднээс хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь гэж ойлгосон. Үр дүнд нь хэмнэлт гарах нь гэж ойлгож байсан. Хэрэв тусад нь зохион байгуулбал нэг тэрбум төгрөгийн зардал гарах нь гэж байсан. Тусад нь хийсэн бол ямар хэмжээний зардал гарах вэ. Яагаад тусад нь зохион байгуулах болсон юм бэ. Хэрэв тусад нь зохион байгуулах юм бол нэр дэвшээд УИХ-ын гишүүн болсон хүн нь өөрийнхөө саналаар гишүүнээсээ татгалзаж дарга болсон. Тэр болсон дарга нь нийслэлчүүдийг самарч байна шүү дээ. Хэн нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу.
Мэргэжлийн бус, мэдээлэлгүй, хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаад байгаа хүн чинь өнөөдөр энд сууж байх ёстой байтал тэнд очоод самраад байна шүү дээ. Боловсон хүчний арвин нөөцтэй гэдэггүй билүү МАН. Татвар төлөгчдийн мөнгөөр их хэмжээний санхүүжилт гаргах болж байгаа энэ үед МАН хариуцлага хүлээхгүй бол тэр хүндээ хариуцлага хүлээлгэ” гэсэн юм.
Түүний асуултад СЕХ-ноос хамтад нь нэг өдөр санал хураалт явуулах нь зардал хэмнэгдэх хэдий ч тусдаа хуулиар, тусдаа зохицуулалттай хуулиар зэрэгцүүлж явуулах нь зохион байгуулалт, техникийн хүндрэл үүснэ гэв.