Японы Засгийн газар коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдлыг илрүүлэх зорилгоор PCR шинжилгээнд хамрагдагсдын тоог 40 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ тухай Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын сайд Тамүра Норихиса мэдэгджээ.
“Орон даяар онц байдлын дэглэмийг бүрэн цуцлахаар төлөвлөж буй нь иргэд өдөр тутмын хэвийн амьдралдаа эргэн орно гэсэн үг биш юм. Засгийн газар халдварт өвчинтэй тэмцэх ажлаа үргэлжлүүлсээр байх болно” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Их Британийн хувилбараар халдварласан тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Япон улс дэлхийн улс орон, бүс нутгийн иргэдэд шинээр виз олгохоо түр зогсоогоод байгаа юм. Энэ хориг өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм. Нэгдүгээр сарын эцэс хүртэл хэрэгжих ёстой байсан хоригийг засгийн газар 3 дугаар сарын 31 хүртэл сунгажээ.