Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний хувилбаруудаар халдварласан байж болзошгүй тохиолдлуудынхаа талаар мэдээлэхийг гишүүн орнууддаа дахин уриалжээ.
Одоогийн байдлаар ДЭМБ Их Британи, Өмнөд Африк, Бразилд анх илэрсэн коронавирусний гурван хувилбарыг анхааралдаа авах шаардлагатай хувилбаруудын тоонд оруулж байгаа юм.
ДЭМБ-ын мэдээлснээр, Их Британид анх илэрсэн хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгдсэн улс орон, нутаг дэвсгэрийн тоо 118-д хүрчээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос долоогоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Харин Өмнөд Африкт анх илэрсэн хувилбар 64 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос зургаагаар өсжээ. Мөн Бразилд тархсан хувилбар илэрсэн орнуудын тоо зургаагаар нэмэгдэж, 38-д хүрсэн байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, коронавирусний өөр шинэ хувилбарууд мөн АНУ, Филиппин, Францад бүртгэгджээ. Мөн өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Калифорни муж улсад анх илэрсэн хувилбарт анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзжээ. Эдгээр хувилбар нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх зэргээр нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж тус байгууллага үзэж байгаа ажээ.
“Коронавирус тасралтгүй хувьсан өөрчлөгдсөөр байгаа тул улс орнууд шинэ хувилбаруудын талаарх мэдээллээ сайжруулахын тулд геномын дарааллыг тодорхойлж, лабораторийн судалгаанууд хийж, энэ талаарх мэдээллээ манай байгууллагад ирүүлэх шаардлагатай” гэж ДЭМБ мэдээлжээ.