Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байх “Таян” нуурын ордоос төмрийн хүдэр олборлож, БНХАУ-д нийлүүлдэг “Алтайн хүдэр” ХХК-ийг байгаль орчинд учруулсан 10.8 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрийг гаргажээ. Тус компанийн үйл ажиллагаанаас үүдэж, хэдэн жилийн турш байгаль орчин ноцтой хохирол учирч хүн, мал, амьтан, ургамал сүйдэх болсон байна. Түүнчлэн олборлосон төмрийн хүдрээ хүнд даацын авто машинаар шороон замаар тээвэрлэдэг нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт экологийн хохирол учруулдаг байжээ.
“Алтайн хүдэр” ХХК-д холбогдох дээрх хэргийн нэхэмжлэлийг “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллагаас гаргасан бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт заргаа авч чадсан байна. “Алтайн хүдэр” компани нь Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд, тус сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн байгуулсан “Шинэ зууны Цээл” төрийн бус байгууллагынхныг дарамталж, тэрхүү үйлдэлд нь “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо”-ны хамт олон хууль, эрх зүйн туслалцаа үзүүлдэг байсан аж.
Тэгвэл шүүхээс “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй “Алтайн хүдэр” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Алтайн хүдэр” ХХК-иас байгаль орчинд учруулсан хохиролд 10.8 тэрбум төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 54 сая төгрөг гаргуулах шийдвэрийг гаргасан байна.