АНУ-ын “Johnson & Johnson” компани “COVID-19”-ийн нэг тунт вакцинаа Европт ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс нийлүүлж эхэлнэ гэдгээ даваа гарагт мэдэгдлээ.
“Pfizer-BioNTech”, “Moderna”, “AstraZeneca”-гийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа Европын Эмийн агентлаг “Johnson & Johnson”-ын вакциныг гуравдугаар сарын дундуур бүртгэсэн юм.
Европын Холбооны 27 орон “Johnson & Johnson”-той 200 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэхүү вакцин нь нэг тунтайгаас гадна хадгалахад хялбар ажээ.
АНУ, Өмнөд Африк болон Өмнөд Америкийн орнуудад явуулсан эмнэлзүйн туршилтаар “J&J”-ын вакцин “COVID-19”-өөр халдварлахаас 67 хувиар сэргийлж буйг тогтоосны дараа Европын эмийн агентлаг уг вакцинд зөвшөөрөл олгосон юм.
Ташрамд дурдахад, “COVID-19”-ийн вакцинжуулалтын хурд АНУ, Их Британи зэрэг орнуудтай харьцуулахад сул байгаатай холбоотойгоор Европын хэд хэдэн орон халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шинэ хязгаарлалтуудыг тогтоохоор шийдвэрлэж байна.