ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хятадын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч бөгөөд Элчин зөвлөх Ян Дун Чин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд хоёр сая юанийн үнэ бүхий цагдаагийн тусгай хэрэгслийг буцалтгүй тусламжаар олгох баримт бичигт гарын үсэг зурлаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ \”Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн харилцаа нь 2014 оноос иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд нийгмийн бүхий л салбарыг хамран өргөжин хөгжиж, хоёр орны хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа улам идэвхитэй, шинэ агуулга хэлбэрээр баяжиж байна” гэсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн яам ирэх дөрвөн жилд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, нийгмийн хэв журмыг хангах ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр анхаарал хандуулж ажиллана. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа хар тамхи мансууруулах бодис, хүний наймаа, цахим гэмт хэргийн гаралт ихэсч байгаа нь сэтгэл түгшээж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, чадавхыг дээшлүүлэхэд хоёр талын хууль сахиулах байгууллагуудын хамтран ажиллагаа чухлыг онцолж байв.