Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “2016 оны гуравдугаар сараас хойш хэлмэгдсэн иргэдийн асуудлаар хөөцөлдөж байгаа. Тухайн иргэдийг хэлмэгдсэн гэдгийг хэтэрхий сайн мэдэж байгаа учраас хөөцөлдөөд байгаа юм. Монгол Улсад шударга ёс байдаг үгүйг үзэх гэж хөөцөлдөөд зургаан жил болж байна. Миний хэлсэн үгийг мушгиад байна. Захилагч гэх хүмүүсээ зарлахыг хууль хяналтын байгууллага, цагдаагаас шаардаж байгаа юм.
2017 оны арваннэгдүгээр сард ажил авсан өдрийнхөө орой нь цагдаагийнхныг цуглуулаад энэ хоёр хүнийг шийтгэж байгаа юм бол захиалагчаа зарла гэсэн. Хэн ч зарлаж чадаагүй. Захиалагч гэдэг үгийг хэрэглэхдээ гэх гэдэг үгийг заавал хэлдэг. Яагаад гэвэл тухайн үед хэргийг хянаж, шүүсэн хүмүүс захиалагчийг олоогүй байж, захиалгаар хүн алсан гэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрт ял халдаасан.
Энэ хэрэгт Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Харин хамжигчаар Булганыг татсан. 10 сар хорьсон ч тогтоож чадаагүй. Хамтрагчаар А.Ганхуяг гэдэг хүнийг мөн л хорьж, тогтоож чадаагүй юм. Энэ хүнийг найман сар хорьсон.
2016 оны есдүгээр сарын 2-нд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан. 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гэдэг шалтгаанаар яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон. Энд ямар ч эргэлзээ байхгүй. Ц.Амгаланбаатар элдэв юм яриад байгаа юм бол Э.Бат-Үүлийг байцаах ёстой.
Тавдугаар сарын 14-нд Дээд шүүх хуралдана гэсэн. Үүнийг харъя. Яргалсан гэдэг нь ойлгомжтой болсон. Энэ асуудалд нэг сонин зүйл бий. Ц.Амгаланбаатарын эмээ нь Цэвэлмаа гэж хүн байж байгаад нас барсан. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгийн ээж, Хоригдож байсан А.Ганхуягийн ээж гурав төрсөн эгч дүү гурвын хүүхдүүд. Төрсөн эгч дүү гурвын гэр бүлийг тэр чигт нь хамсан нь аймшигтай” гэлээ.