Манай улс өнөөдрөөс хилээ албан ёсоор нээж буй талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улс 2021 оны зургаадугаар сарын 1-н буюу өнөөдрөөс хилээ нээж байна.
Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байна.
Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс, тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын орнууд хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, гадаадын иргэдэд виз олголтоо зогсоогоод байгаа бөгөөд тухайн улсад байнга оршин суух визтэй гадаадын иргэдийг зөвхөн нэвтрүүлж байгаа болно.
Манай улсын иргэд чөлөөтэй зорчих орнуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, уг гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Их Британи, Унгар зэрэг Европын орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна” гэлээ.