Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс /2021.06.14/-ний өдөр хуралдсан билээ. Тус хуралдаанаар Аймаг, нийслэлийн засаг дарга нарт өөрсдийн нутаг орны халдварын нөхцөл байдалд тохируулсан шуурхай арга хэмжээ авч ажиллах, шаардлагатай бол тухайн орон нутагт эрсдэлийн түвшинг ахиулж, халдварыг хумихад анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.
Тэгвэл дараах дөрвөн аймаг халдварын орох, гарах хөдөлгөөнөө тодорхой хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.
Архангай аймаг- Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирэх, явах нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зургадугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас зургадугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлав.
Дархан-Уул аймаг- Зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн аймгийн орох, гарах хөдөлгөөний тодорхой хугацаанд хязгаарлав.
Дорноговь аймаг- Зургадугаар сарын 15-ны өдрийн 00:00 цагаас зургадугаар сарын 30-ны өдрийн 00:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдварын тархалтын “Улбар шар түвшин”-д байх хугацааг сунгасантай холбогдуулан аймгаас орох, гарах, сум хооронд зорчих иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав.
Баянхонгор аймаг- Зургадугаар сарын 16-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Улаанбаатар хот болон бусад аймгаас ирэх тээврийн хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоов.
Түүнчлэн 16 аймгийн 73 сум дотооддоо иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ.