Шинэ Дели хотноо болж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын чуулга уулзалтад Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив нь газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ган зэрэг гамшиг эрсдэлд 88 хувьтай өртдөг эмзэг бүс нутаг юм.
Гамшиг эрсдэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зэргийг аль нэг улс, Засгийн газар дангаараа хийх боломжгүй тул анх удаа энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Засгийн газрынхаа бодлого, гамшиг ослыг эрт мэдээлэх, урьдчилан сэргийлэх, хүн ардыг мэдээллээр хангах, эрсдэл даатгалын сан үүсгэх, зам, барилгын чанарыг стандартад нийцүүлэх зэрэг 10 зүйл төлөвлөгөө, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
Чуулга уулзалтад Азийн 39 орны төлөөлөгчид оролцож байгаагийн 34 нь сайд нар юм. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдаанд анхны илтгэлийг тавьж, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, бодлого, зорилтын талаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Б.Бадрал, дэд дарга Ц.Ганзориг нар салбар хуралдааныг удирдсан бол Шадар сайдын зөвлөх Л.Саянаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот \”Гамшигт тэсвэртэй хот болох зорилтот хөтөлбөр”-т нэгдэн орсон талаар салбар хуралдаанд илтгэл тавилаа.
Чуулга уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай элч Роберт Глассертай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Азийн сайд нарын чуулга уулзалт 3 хоног үргэлжлэх бөгөөд хуралдаанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах Засгийн газруудын хамтарсан Шинэ Делийн тунхаглал, Сендай программыг хэрэгжүүлэх Азийн хөтөлбөр зэрэг баримт бичиг гаргах юм.