2020 оны долдугаар сарын 31-ний байдлаар “КОВИД-19” халдварын тархалтын мэдээллийг харвал, нийт батлагдсан тохиолдлын 19.4 хувь нь 7 дугаар сард бүртгэгдэж, өмнөх сараас 17.4 нэгж хувиар буурсан байна.
Халдварын нийт батлагдсан тохиолдлыг сар тус бүрээр харьцуулахад хамгийн өндөр буюу нийт батлагдсан тохиолдлын 37 хувь нь зургаадугаар сард бүртгэгджээ. 0-18 хүртэлх насны хүүхдийн өвчлөл долдугаар сард нийт батлагдсан тохиолдлын 23.4 хувьд хүрч, өмнөх сараас 0.3 нэгж хувиар өссөн байна. Улсын хэмжээнд 100 мянган хүн амд ногдох өвчлөлийн түвшин долдугаар сард 782 болж, өмнөх сараас 1.9 дахин буурчээ.
Насны бүлгээр авч үзвэл, нийт хүн амын 38 хувь нь 20-44 насныхан байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын ихэнх буюу 49.5 хувь нь энэ насны бүлэгт хамаарч байна.
Боловсролын түвшнээр авч үзэхэд, дээд боловсролтой хүн амын өвчлөл өндөр байна. Тухайлбал,”КОВИД-19″-ийн батлагдсан нийт тохиолдлын 34.6 хувь нь дээд боловсролтой байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны зургаадугаар сарын мэдээгээр манай улсын нийт ажиллагчдын 72.8 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бөгөөд цар тахалд худалдаа, үйлчилгээний салбарын ажиллагчид хамгийн их өртжээ. Ажил, мэргэжлийн ангиллаар харвал, цар тахалд эмч, эрүүл мэндийн ажилтнууд хамгийн их өртөж байна.
2021 оны зургаадугаар сарын 20-ны байдлаар эрүүл мэндийн салбарт ажилладаг 100 мянган ажиллагч тутмын 6665 нь “КОВИД-19” халдвараар өвчилж байсан бол 2021 оны долдугаар сарын 31-ний байдлаар 11915 болж нэмэгджээ. Батлагдсан тохиолдлыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд, 420.0-1100.0 сая төгрөгийн цалинтай ажиллагчдын батлагдсан тохиолдол бусад бүлгийнхтэй харьцуулахад хамгийн их тархалттай байна.
Батлагдсан тохиолдлыг амьдарч буй сууцны төрлөөр авч үзвэл, 51.8 хувь нь гэр болон сууцны тусдаа байшинд, 46.5 хувь нь орон сууц болон бие даасан тохилог сууцанд амьдардаг иргэд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.