Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2021.08.11/ ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа болон түрээсийн орон сууцаа өмчлөх гэрээ байгуулсан иргэдийн талаарх асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанаас өмнөх Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийг хангуулж ажиллах чиглэл өглөө. Түүнчлэн “ТОСК” ТӨХХК болон түрээслэгч иргэдийн хооронд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгууллаа.
Ингэхдээ Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа болон түрээсийн орон сууцаа өмчлөх гэрээ байгуулсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа “Хангай” хотхоны м2-ын үнийн зөрүүний асуудлыг тодорхой болгох, “ТОСК” ТӨХХК, Сангийн яам, Хөгжлийн банктай холбоотой өр зээлийн асуудлыг цэгцлэх ажлыг гүйцэтгэх юм байна.
Мөн Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдээс тавьсан асуудлыг шийдвэрлэх хугацаанд түрээсийн 5 жилийн хугацаа нь дуусч байгаа иргэдийн гэрээг шинэчлэн байгуулах, үргэлжлүүлэн түрээсээр амьдрах боломжийг БХБЯ, “ТОСК” ТӨХХК-ийн удирдлагууд олгохоор шийдвэрлээд байна.
tosk.gov.mn