Есдүгээр сарын 1-нээс тав хоног танхимаар ес хоног гэрээсээ хичээллэхээр болсон билээ. Тэгвэл сургууль яагаад 5/9 зарчмаар хичээллэх ёстой талаар МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэнгийн тайлбарыг хүргэж байна.
Ингэхдээ долоо хоногоор ээлжилж хичээллэнэ. Үүнийг амралтын хоёр хоногтойгоо нийлээд 5/9-ийн зарчим гэж нэрлэж байгаа. Нэг ёсондоо нэг долоо хоног танхимаар хичээллээд, тав хоног хичээллээд дөрөв хоног нь амралтын өдөр таарч байна. Тав хоног цахимаар хичээллэхэд нэг хүүхэд ес хоног гэртээ байх юм. 5/9-ийн зарчим нь КОВИД-19-ийн халдвар тархахгүй байх магадлалыг сайн хангаж байгаа.
100 хувь сургууль дээр халдвар тархахгүй гэсэн үг биш
Яагаад гэвэл халдварын нууц үеийн хугацаатай холбоотой. Хүн халдвар авсан тохиолдолд эхний тав хоногт ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй, эхний дөрөв хоногт гадагшаа халдвар тараадаггүй. Дунд сургуулийн нэг сурагч нэг дэхь өдөр халдвар авлаа гэж бодоход Даваагаас Баасан гараг буюу тав дахь хоног хүртэл халдвар тараахгүй явж байгаад Бямба гарагт амарна. Ингэхээр сургууль дээр халдвар тараахгүй.
Тухайн сурагч Баасан гарагт халдвар авсан тохиолдолд ес хоног дотор орчих учраас дараагийн долоо хоногт хичээлдээ ирэхдээ халдвар нь илэрсэн байна. Иймээс сургууль дээр халдвар голомтлон тархахгүй байх магадлалтай. 100 хувь сургууль дээр халдвар тархахгүй гэсэн үг биш. Гэхдээ КОВИД-19-ийн зүй тогтолтой хамгийн өндөр хувиар тохирч байгаа хувилбар юм” хэмээн тайлбарлав.