“Рио Тинто”, Туркойз Хилл Ресурс” компаниудаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн албан захидалдаа Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан гэдгийг Засгийн газраас өчигдөр /2021.08.31/ албан ёсоор мэдэгдээд буй.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо хэлэхдээ “Оюутолгой” компани хоёр удаа зардлаа хэтрүүлсэн. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд манай тал хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй дүгнэлт бидэнд өгcөн.
1.45 тэрбум ам.долларын зардлын хэтрэлт чухам юун дээр гарав гэдэг дээр санхүүгийн аудит хийх зөвлөмжийг шинжээчид гаргасан. Үүн дээр Оюутолгойн ТУЗ дээр шийдвэр гаргах ёстой. Ирээдүйд гарах зардлуудад хэрхэн яаж хяналт тавих вэ, хяналт тавих функцээ хэрхэн үр дүнтэй болгох вэ гэдэг дээр анхаарна.
“Оюутолгой” компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. Үүнтэй адил төсөлд хяналт тавих чиг үүрэгтэй хороо ажиллах бүрэн боломжтой. Төслийн үйл явцад хяналт тавьж, өдөр тутам мэдээллээр хангадаг байх ёстой. “Эрдэнэс Оюутолгой” компанид “Оюутолгой”-гоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргасан. Татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг бид биш “Оюутолгой” компани эхлүүлсэн. “Рио Тинто” групп 350 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй.
Засгийн газар “Оюутолгой” компаниас Арбитрт гаргасан татварын маргааны асуудлыг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа. Үүн дээр зөвшилцөх, эвлэрэх шаардлагагүй гэж харж байгаа. “Рио Тинто”-гийн зүгээс ногдол ашгийг урьдчилсан байдлаар төлье гэсэн байр суурийг илэрхийлж байна гэж ойлгож байгаа гэсэн юм.