ОХУ-ын Новосибирск мужийн Новосибирск хотод энэ оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд болсон «Монгол-Оросын хамтын ажиллагаа -2016» эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн Б. Энх-Амгалангийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Тус чуулга уулзалтын төгсгөлд хоёр тал хамтын ажиллагааны талаар 8 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүний дотор Монгол улсад орос хэлийг заах, судлахад дэмжлэг үзүүлэх системийг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Завхан аймгийн Засаг дарга н.Батсайхан, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гилимхан, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог нар гарын үсэг зурав.
Бизнес форумын үеэр Новосибирск муж Ховд аймгаас төмс экспортлож, бага оврын нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар тохиров.
Монгол-Оросын хамтын ажиллагаа -2016» эдийн засгийн чуулга уулзалтын дараа Оросын Холбооны Алтайн хязгаар болон Алтайн БНУлсын Засгийн газрын орлогч Ялбаков Эжер Алексеевич тэргүүтэй Засгийн газрын гишүүд аймгийн Засаг даргатай албан ёсны уулзалт хийж Ховд аймгийн өдрүүдийг тус бүс нутгуудад зохион байгуулах, уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах тал дээр онцгой анхаарахаа мэдэгдэв.
ОХУ-ын Алтайн БНУ-ын \”Алтай вестник” сэтгүүлийн санаачилгаар Манжерок тосгонд болсон Монгол-Зөвлөлтийн залуучуудын анхдугаар уулзалтын 50 жилийн ойд зориулсан залуучуудын чуулга уулзалтанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов. Уулзалтын үеэр цаашид хамтран ажиллах гэрээ хэлцэл хийж, хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа. Энэ хүрээнд Алтайн БНУ-ын соёлын төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сард Ховд аймагт айлчилахаар тохиролцов.
khovd.gov.mn