Германы Эрүүл мэндийн сайд Йенс Спан лхагва гаригт вакцинд хамрагдаагүй иргэдийн тусгаарлалтын зардлыг төр татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь шударга бус гэж мэдэгдлээ.
Улмаар Германы Засгийн газар ирэх аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн вакцинд хамрагдаагүй иргэдийн тусгаарлалтын зардлыг төрөөс төлөхгүй байх шийдвэр гаргалаа. Цар тахлын өндөр эрсдэлтэй улс орнуудаас зорчин ирсэн болон “COVID-19”-ийн халдвар авсан вакцинд хамрагдаагүй иргэдэд энэхүү журам үйлчлэх юм.
Харин вакцинд хамрагдсан иргэдийн тусгаарлалтын зардлыг Германы Засгийн газар үргэлжлүүлэн төлөх аж.
Мөн үүнээс өмнө Герман улс өнгөрөгч сард вакцинд хамрагдаагүй иргэдэд “COVID-19”-ийн шинжилгээг үнэгүй хийхээс татгалзах шийдвэр гаргаж байв. Уг журам мөн ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ 18-аас доош насны хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл болон эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдах боломжгүй иргэдийг үнэгүй оношлуураар үргэлжлүүлэн хангах юм.
Германы Засгийн газар 2021 оны гуравдугаар сард иргэн бүрд долоо хоногт нэг удаа “COVID-19”-ийн түргэвчилсэн оношлуураар үнэ төлбөргүй шинжилгээ хийх шийдвэрийг танилцуулсан. Түүнчлэн, түргэвчилсэн оношлуураар эерэг тохиолдол илэрвэл тухайн өвчтөнд шинжилгээг баталгаажуулах хоёр оношлуурыг нэмж олгох журмыг хэрэгжүүлж байв.
Германы “Deutsche Welle” агентлагийн мэдээлснээр тус улсын Засгийн газар 84 сая хүн ардыг долоо хоног бүр нэг удаа коронавирусийн үнэгүй оношлуураар хангах ажилд татвар төлөгчдийн хөрөнгөөс 3.4 тэрбум гаруй еврог зарцуулсан юм.
Эх сурвалж: Reuters, Deutsche Welle