Нийслэлийн онцгой комиссоос Улаанбаатар хотын коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж халдварын 41 дэх долоо хоногийн нөхцөл байдлыг өмнөх буюу 40 дэх долоо хоногтой харьцуулсан мэдээллийг хүргэлээ.
График мэдээллээс харахад нийслэлд хүүхэд, жирэмсэн эх ковидын халдвар авах нь ихсэж, хүнд болон нэн хүнд хүний тоо нэмэгдсэн байна.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Ковид-19 халдвараар хүнд өвдсөн иргэдийн тоо нэмэгдэж байна. Тодруулбал, Хүнд болон нэн хүнд байгаа хүмүүсийн мэдээллийг харахад 40 дэх долоо хоногт 1522 хүн ковидын хүнд хэлбэрээр өвдөж, эмнэлэгт хэвтсэн. Харин сүүлийн долоо хоног буюу 41 дэх долоо хоногт энэ тоо 1613 болж нэмэгдсэн байна. Нэн хүнд хүмүүсийн хувьд 40 дэх долоо хоногт 277 байсан бол 41 дэх долоо хоногт өдөрт дунджаар 289 хүн нэн хүнд байна.
Хүүхэд болон жирэмсэн эх халдвар авсан тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал, 40 дэх долоо хоногт ковидоор өвдсөн 21 жирэмсэн эх байсан бол одоогийн байдлаар 24 эх халдвар авсан байна. Мөн хүүхэд халдвар авах нь эрс нэмэгдэж байна. Одоогийн байдлаар 682 хүүхэд ковидоор өвдсөн байна.
Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 40 дэх долоо хоногт илэрсэн тохиолдолтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа. Өмнөх долоо хоногт өдөрт дунджаар 3740 тохиолдол гарч байсан бол 41 дэх долоо хоногт 3196 болж буурсан” гэлээ.