Сүүлийн үед Нидерланд улсад коронавирусийн халдвар, нас баралт эрс нэмэгдэж байгаатай холбоотой хорио цээрийн дэглэмээ буцааж сэргээх болсныг тус улсын ерөнхий сайд Марк Рутте өчигдөр мэдэгджээ.
Хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Нидерланд улс цар тахлын бүх хорио цээрийн дэглэмээ цуцалж байсан юм. Ингэснээр тус улс баруун Европын орнуудаас дэглэмээ буцааж сэргээсэн анхны улс болж байна.
Шинэ дэглэмийн дагуу иргэд олон нийтийн газарт амны хаалт зүүж, хүн хооронд 1.5 метрийн зай барьж, музей, ресторан зэрэг газруудад Covid-19-ийн вакцины батламжтай нэвтрэхээр болжээ.
Мөн хамгийн багадаа долоо хоногийн талд нь гэрээсээ ажиллах зөвлөмжийг засгийн газраас гаргасан байна.
“Өнөөдөр орой ийм хэцүү мэдээ дуулгаж байгаад гайхах хүн байхгүй болов уу гэж би бодож байна. Халдвар тархалт, эмнэлгийн ачаалал хурдтай нэмэгдэж байна” гэж ерөнхий сайд Рутте хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Мэдэгдлийн үеэр тус улсын хууль зүйн яамны байрны гадна бага хэмжээний эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулагдсан байна.
Нидерланд улс цар тахлын эхэн үед Европын хамгийн сул хорио цээрийн дэглэмтэй улсуудын нэгд тооцогдож байв. Гэвч тахлын хоёр дахь давлагааны үеэр эрс хатуу арга хэмжээ авч, Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш анх удаа бүх нийтийн хөл хорио тогтоож байжээ.
Өнгөрсөн долоо хоногийн турш Нидерландад өдөрт дунджаар 7,711 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо 39 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
17 сая хүн амтай тус улсад Covid-19 өвчний хүндрэлээр нийтдээ 18,441 хүн нас баржээ. Насанд хүрсэн хүн амынх нь бараг 84 хувь вакцинжуулалтын эхний тунд хамрагдаад байна.
Эх сурвалж: AFP