УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж байгаа. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын гишүүд өргөн мэдүүлсэн.
Энэ хуулийн хэлэлцэх явцад гишүүд талцсан байсан. Тийм учраас энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэж УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авсан.
Энэ хуулийн төсөлд Жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авах, тус сангаас хохирогчдод олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тусгасан байсан.
Уг асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэдэг шийдвэрт хүрлээ.
Дэмжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болсон. Нэгэнт хувийн хэвшлийн явуулж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж үзсэн.