Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Грейс төвийн 2 давхарт эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, холбогдох салбарын хууль, тогтоомж, дүрэм, журам, тушаал стандартын хэрэгжилтийг шалгалаа.
Тус газарт бага эмч мэргэжилтэй П.Ц эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, бариа засал, соронзон резонанс аппаратын оношилгоо хийж байжээ.
Шалгалтын үеэр эмийн санд бэлтгэн найруулдаг, шарх угаах, гадуур хэрэглэх зориулалтай ус төрөгчийн хэт исэл /Перкис/ 3 хувийн 1 мл уусмалыг хордлого тайлах, шингэн сэлбэх зориулалттай 0.9 хувийн 250 мл натрийн хлоридын уусмалтай холиод хүний биед венийн судсаар хийж байсан ноцтой зөрчил илэрлээ. Энэ эмчилгээ нь батлагдсан стандарт байхгүйн дээр хүний биед сөргөөр нөлөөлөх болзошгүйг сэрэмжлүүлж байна.
Улсын ахлах байцаагчийн актаар эмнэлгийн тусламж үйлчилгээг зогсоож, зөрчил гаргасан бага эмч П.Ц-д \”Эрүүл мэндийн тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллалаа.
ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС