Pfizer болон BioNTech компаниуд коронавирусийн эсрэг вакциныхаа Омикрон хувилбарын эсрэг үзүүлэх үйлчлэлийг судалсан судалгааны үр дүнг өчигдөр зарлажээ.
Эдгээр компаниудын хамтран бүтээсэн вакцины гурав дахь буюу нэмэлт тун Омикрон хувилбарын халдвараас үр дүнтэй хамгаалж буйг энэ судалгаагаар тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл бусад хувилбаруудын халдвараас эхний хос тун хамгаалдагтай ижил түвшинд гурав дахь тун Омикроноос хамгаалж байжээ. Харин вакцины эхний хос тун Омикрон хувилбараас бүрэн хамгаалж чадахгүй нь энэ судалгаагаар тодорхой болсон байна.
“Вакцины эхний хос тун болон нэмэлт тунд аль болох олон хүнийг бүрэн хамруулах нь коронавирусийн шинэ хувилбарын тархалтаас хамгаалах хамгийн сайн арга болох нь харагдлаа” гэж Pfizer компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгджээ.
Гэхдээ судалгааны үр дүн урьдчилсан байдлаар гарсан бөгөөд бодит амьдрал дээр ямар үр дүнтэй байхыг үргэлжлүүлэн судлах шаардлагатайг Pfizer, BioNTech компаниуд мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Омикрон хувилбарт тусгайлан зориулсан вакциныг бүтээх ажил үргэлжилж байгаа бөгөөд 100 хоногийн дараа бэлэн болохыг мэдээлжээ.
Pfizer/BioNTech компаниудын мэдэгдлээс өмнө Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шуурхай тусламж хариуцсан захирал Майк Райан ярихдаа Омикрон хувилбар вакцины дархлааг нэвтлэхдээ бусад хувилбаруудаас илүү гэх шинж тэмдэг одоогоор илрээгүйг хэлж байв.
“Одоогоод бидэнд коронавирусийн бүх хувилбарын халдвараас үр дүнтэй хамгаалах, тухайлбал хүндрэлээс хамгаалах өндөр чадвартай вакцинууд байна. Шинэ хувилбарын эсрэг үйлчлэл нь өөр байх үндэслэл алга” гэж тэр ярьжээ.
АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фаучи коронавирусийн Омикрон хувилбар бусад хувилбаруудаас илүү өндөр халдварлах чадвартай байж болох ч хүндээр өвчлүүлдэг шинж тэмдэг харагдахгүй байгааг саяхан бас ярьсан юм.
Цар тахал эхэлсэн цагаас хойш дэлхий даяар 267 сая гаруй хүн өвчилж, таван сая гаруй хүн нас бараад байна.
Эх сурвалж: BBC