Хүндийг өргөлтийн залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг өчигдөр орой эх орондоо ирлээ. М.Анхцэцэг ганцхан долоо хоногийн дотор болж өнгөрсөн хоёр ч томоохон тэмцээнд зардлын мөнгөгүйн улмаас дасгалжуулагчгүйгээр ганцаар явсан билээ. Эх орон, элэг нэгтэн, ээж аав, багшийнхаа захиасыг биелүүлээд ирсэн 19-хөн настай охиноо тэд нисэх онгоцны буудалд ёслол төгөлдөр угтан авсан юм.
М.Анхцэцэгийг тосохоор Монголын хүндийг өргөлтийн холбооны багш, тамирчид, гэр бүлийнхэн болон найз нөхөд, \”Алдар\” спорт хорооны хамт олон, үлээвэр найрал хөгжмийн хамтлаг ирсэн байв. Түүний Рио 2016 олимпын наадмын үеэр тохойндоо авсан үл ялиг бэртэл нь сүүлд оролцсон оюутны ДАШТ-ий үеэр сэдэрсэн ч зургийг нь авахуулж тодорхой эмчилгээ хийлгээгүй байгаа тул гэр бүлийнхэн болон багш нь эмнэлэг авч явахаар яаран байлаа.
Энэ үеэр бид М.Анхцэцэгтэй цөөн хором ярилцаж амжсан юм.
-Сайн байна уу. Эх орондоо тавтай морил.
-Баярлалаа. Долоон хоногийн дотор болсон хоёр ч том тэмцээнд түрүүлж, залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга болсондоо баяртай байна. Арваннэгдүгээр сарын 11-нд эх орноосоо мордож яг арав хоногийн дараа эх орондоо ирлээ.
-Та аль тэмцээний үеэр гарандаа бэртэл авсан бэ?
-Оюутны ДАШТ-д оролцох үедээ зүүн гараа бэртээсэн. Сарвуу руугаа хавдсан байгаа. Эндээс гараад шууд \”Мөнгөн гүүр” эмнэлэгт очиж үзүүлнэ ээ.
-Багшгүй явахад хүндрэлтэй зүйлс их байв уу?
-Багшгүй ганцаараа явах хэцүү байсан. Багшийгаа их үгүйлсэн. Бусад орны тамирчид багшгүй явж байгаа юм уу, яагаад ганцаараа явж байгаа юм бэ гээд их туслаж, дэмжиж байсан. Манай спортын онцлог бол ганцхан дасгалжуулагч ч багаддаг, албаны бусад хүмүүс хамт явах шаардлагатай байдаг спорт юм. Гараа бэртээсэн учраас ачаагаа авч явахаас эхлээд асуудал гарч байсан.
-Олимпоос хойш танд 4-5 орноос санал ирсэн гэсэн. Та энэ саналын талаар ахин бодолцох уу?
-Ирсэн нь үнэн. Тодорхой хэмжээнд өндөр үнэ хэлсэн ч гадуур яваад байгаа мэдээлэл шиг бишээ. Миний гол зорилго бол мөнгө биш, дэвжээн дээр гараад, голын тавцан дээр зогсоод Монголоор овоглож, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэх байдаг. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ. Тиймээс гадагшаа явахгүй.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд уншигчдад хандаж хэлэх үг бий юу?
-Ээж аав, гэр бүлийнхэндээ болон хайртай багшдаа, Монголын хүндийн өргөлтийн холбооныхондоо, Асашёорюү Д.Дагвадорж аварга болон Монгол жонш, Сувинер Хаус, Үнэн Анд, Есүүдын батууд, Ёокохома компанийн хамт олонд маш их баярлалаа.
Б.ГЭРЭ