\”Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдийн зүгээс тус яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэж байна.
Монгол Улс нь БНСУ-ын \”Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо\”-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу БНСУ руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна\” гэсэн байна.