Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Франц улс нэгдүгээр сарын 3-наас эхлэн хорио цээрийн дэглэмээ чангатгахаар болжээ.
Ирэх долоо хоногоос эхлэн боломжтой бүх хүн гэрээсээ ажиллаж, дотоод орчинд зохион байгуулагдах арга хэмжээнд оролцох хүний тоог 2000-аар хязгаарлаж байна. Гадаад орчны арга хэмжээнд оролцох хүний тоог 5000-аар хязгаарлаж, хол аяллын зорчигчдод замдаа уух, идэхийг хоригложээ.
Шөнийн клубүүдийг хааж, баар, кафенуудын үйл ажиллагааг хязгаарласан байна.
Хотын төвөөр зорчигсод амны хаалт заавал зүүх үүрэгтэй болжээ.
Өнгөрсөн Бямба гарагт Франц даяар анх удаа 100,000 давсан халдварын тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын үеийн дээд үзүүлэлт болсон юм.
Коронавирусийн халдварын шинэ тохиолдол хоёр хоног тутамд хоёр дахин өсөж байгааг Францын эрүүл мэндийн сайд Оливер Веран анхааруулжээ.
Тэрбээр вакцины хоёр дахь болон гурав дахь тунгийн хоорондын зайг дөрвөөс гурван сар болгон богиносгох засгийн газрын шийдвэрийг зарласан байна.
Францын засгийн газар олон нийтийн арга хэмжээнүүдэд ганц удаагийн шинжилгээний хариугаар биш, зөвхөн вакцины гэрчилгээгээр нэвтэрдэг болох хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Хэрвээ уг төсөл парламентын дэмжлэгийг авбал ирэх оны нэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэх ажээ.
Францаас гадна Европын орнуудаас Герман, Грек улсууд Зул сарын баярын дараа хорио цээрийн дэглэмээ чангатгахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: BBC