Дэлхийн гурван удаагийн аварга, АНУ-ын тамирчин Натан Чен “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрэгтэй ганцаарчилсан уран гулгалтын богино үзүүлбэрт 113.97 оноо авч, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Харин Японы уран гулгагчид болох “Лозанна-2020” залуучуудын олимпын наадмын аварга Кагияма Юма 108.12 оноо, 2018 оны Пёнчаны олимпын мөнгөн медальт Уно Шома 105.9 оноогоор удааллаа.
Харамсалтай нь, олимп болон дэлхийн хошой аварга, Японы супер од Юзүрү Ханю богино үзүүлбэрт 95.15 оноо авч, 8-р байрт бичигдсэн амжилттай тэмцээнийг тааруу эхлүүлсэн юм. Гэхдээ энэ нь чөлөөт үзүүлбэрийн өрсөлдөөнийг илүү сонирхолтой, гал гарсан ширүүн тэмцээн болгох хүлээлтийг бий болгоод байна. Учир нь олимпын гурван удаагийн аварга болох зорилго тавьсан Юзүрү Ханю чөлөөт үзүүлбэрээр уран гулгалтын түүхэнд анх удаа “дөрөвлөсөн аксел” үсрэлт хийх магадлалтай юм.
Ханю өнгөрсөн арванхоёрдугаар сард Японы аварга шалгаруулах тэмцээний бие халаалтын үеэр уран гулгалтын спортын хамгийн хүнд техник болох “дөрөвлөсөн аксел” үсрэлт хийх оролдлого хийж байв. Гэвч тэрээр тухайн үед гурав бүтэн-хагас үсрэлт хийж, нэг хөл дээрээ газардаж чадаагүй юм.