Олон Улсын Паралимпын Холбоо (ОУПХ) саяхан Бээжин 2022 өвлийн паралимпын наадамд Орос, Беларусийн тамирчдыг ньютрал буюу төвийг сахисан статустай оролцуулахаар шийдвэрлээд байсан юм.
Гэвч энэ нь спортын ертөнцөөс төдийгүй олон улсын зүгээс маш их шүүмжлэл дагуулсан тул өнөөдөр шийдвэрээ өөрчилж, бүрмөсөн хасах шийдвэр гаргажээ.
“Спорт, улс төр хоёр хутгалдах ёсгүй гэдэгт бид хатуу итгэдэг. Гэвч дайны балаг наадамд маань нөлөөлж, хөшигний ард олон орны засгийн газрууд бидэнд шахалт үзүүлж эхэллээ. Тамирчдын хотхон дахь уур амьсгал ч бас тэсвэрлэхийн аргагүй болсон тул бид наадмаа аюулгүй зохион байгуулахыг юу юунаас илүүд үзэж байна ” гэж ОУПХ-ы ерөнхийлөгч Эндрью Парсон шийдвэрээ тайлбарласан байна.
Паралимпын наадмын нээлт маргааш буюу Баасан гарагт Бээжин хотод зохион байгуулагдаж, тэмцээн уралдаанууд Бямба гарагт эхлэх юм.
Уг наадамд ОХУ-аас 71 тамирчин, Беларусиас 12 тамирчин хөтөч, туслагч, дасгалжуулагч нарынхаа хамт ирээд байжээ.
Парсоны хэлснээр ОУПХ руу маш олон гишүүн орон хандаж, Орос, Беларусийн тамирчид энэ наадамд өрсөлдвөл оролцохгүйгээ мэдэгдсэн байна.
Дэлхийн спортын холбоод Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнтай холбоотойгоор Орос, Беларусийн тамирчдыг бойкотлох арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч байгаа. Уг эсэргүүцлийн хөдөлгөөнд өвлийн паралимпын наадамд ч бас нэгдэж байна.
Эх сурвалж: BBC