Энэ оны эхний өдрөөс өрхүүд ус, дулаан, хогны мөнгөө өөрсдөө төлж эхлэв. Төрөөс зөвхөн цахилгааны төлбөрийг хариуцна.
Иймд орон сууцны конторууд өнгөрсөн сарын төлбөрөө нэхэмжилж эхэллээ. Та эдгээр төлбөрийг цагт нь төлөөгүй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд таны мэдээллийг бүртгэнэ гэж Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4 иргэдэд анхааруулжээ.
Энэ талаар Төв банкнаас тодруулахад “Зээлийн мэдээллийн санд зөвхөн зээлээ хугацаанд нь төлөөгүй иргэдийг бүртгэдэггүй. Энэ санд Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг. Мөн Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээдэд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос гадна эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн байгууллага багтдаг. Тэгэхээр ус, дулаан, хогны төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийн мэдээллийг энэ санд бүртгэх хууль эрхзүйн орчин бүрдсэн. Гэхдээ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, орон сууцны конторууд Төв банктай мэдээлэл солилцох гэрээ байгуулаагүй. Иймд одоогоор ус, дулаан, хогны төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийг Зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй” гэв.
Тэгэхээр дээрх байгууллагууд гэрээ байгуулан, төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийн мэдээллийг солилцож эхэлбэл иргэдийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд бүртгэх боломжтой болох юм байна.