Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж “Шинэ Зуунмод” нэртэй дагуул хот байгуулахаар шийдвэрийг УИХ 2020 онд гаргасан.
Энэхүү хотыг бүтээн байгуулах шийдвэрийн хүрээнд 32 мянга орчим га талбайг улсын хэрэгцээнд авчээ.
Мөн тухайн газар нутаг дээрх инженерийн дэд бүтцийн хангамжийн судалгааг хийж эхний ээлжинд 150 мянган хүн ам амьдрах боломжтой “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг энэ сардаа багтаан Засгийн газраар хэлэлцүүлэх юм байна. Үүний дараа инженер шугам сүлжээний зураг болон угсралтын ажлуудыг нь эхлүүлнэ гэж тооцжээ.
Манай улс хэзээ хамгийн сүүлд 1980 онд Багануур дүүргийг цогц байдлаар нь төлөвлөж бүтээн байгуулсан түүхтэй. Түүнээс хойш ямар нэгэн нэгэн хот байгуулаагүй учраас хот байгуулсан туршлагатай боловсон хүчин манай улсад ховор ажээ.
Тиймээс БНСУ-аас зөвлөх үйлчилгээ авахаар болсон гэдгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Тус улс нь нийслэл Сөүл хотынхоо төвлөрлийг сааруулах зорилгоор сүүлийн 20 жилийн дотор 10 гаруй дагуул хот байгуулжээ.