Чуулганы хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Шинэ зуун мод хотын төслийг дэмжиж байна. Гэвч нэгдүгээрт, Хүннү гэдэг нэрийг яаж сонгосон бэ. Энэ нэрийг хот болон засаг захиргааны нэгжид оноож өгч болох юм уу, Хүннү гэдэг нэр чинь зэрлэг хүн гэсэн нэршил шүү дээ. Анхны эзэнт гүрний Хүннү нэрийг хот засаг захиргааны нэгжид оноож өгч яах гэсэн юм” гэв.
Хотын дарга Х.Нямбаатар “Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх шинэ суурьшлын бүс бол хөшигийн хөндийн бүс нутаг байсан. Томоохон эдийн засгийн бүс үүсгэхэд даацтай, далайцтай нэр өгөхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн” гэлээ.
ШУА-ийн эрдэмтэн “Хүннү үеийн ард иргэд өөрсдийгөө хүннү гэж нэрлэж ирсэн. “Нү” гэдэг дуудлагатай ханз үсэг байдаг. Монгол Улсын “Мө” гэдэг ханз ч байдаг шүү дээ. Хүннү гэдэг нэрийг гадаад, дотоодын эрдэмтэд сэргээх гэж их хичээсэн. Хятадаас өгсөн ханзанд ач холбогдол өгөөд байх шаардлагагүй” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ “Монголчууд бид өөрсдийн түүхэнд итгэл үнэмшилтэй байх нь манай дотоод асуудал. Түүхэндээ итгэл үнэмшилтэй байх нь удаан хугацаанд оршин тогтнох үндэс” гэв.