Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад энэ жилийн анхны бороо орсон болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Мөн өчигдөр зарим нутагт хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдсан байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн нутгаар: салхины дундаж хурд секундэд 18-21 метр, зарим үед секундэд 20-28 метр хүртэл, Ховд аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20-26 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурчээ.
Баянхонгор аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-24 метр, зарим үед секундэд 19-29 метр, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр салхины дундаж хурд секундэд 19-21 метр, зарим үед секундэд 20-25 метр хүртэл ширүүсэж, шороогоор шууран цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Хүчтэй шороон шуурганы улмаас дөрвөн айлын гэр нурж, ашиглаж боломжгүй болсон байна.
Мөн өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд, Завхан, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар 1-25 см зузаан цасан бүрхүүл тогтосноос хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 25 см, Увсын Малчинд 20 см, Баруунтуруун, Зүүнговь, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагааннуурт 14-16 см, Увсын Тэсд 12 см, Завханы Тосонцэнгэлд 11см, бусад хэсгээр 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.