Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа.
– Нийгмийн уур амьсгал бухимдалтай байна. Хил дээр ачаа тээвэр гацсанаас бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Ачаа тээврийн компаниудын зүгээс чингэлэг тээврээр бараа зөөснөөс болж бөөгнөрөл үүсэх шалтгаан болсон гэж тайлбарлах юм. Задгай тээврээр явуулах боломж байна уу. Салбарын яамны хувьд ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ?
– Хил дээрх ачаа тээврийн саатал ганцхан Монгол Улсад тохиолдоод буй зовлон биш гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй. Дэлхий даяар тээвэр логистикийн хямралд орчхоод байна. Үүний сөрөг үр нөлөө манай улсад ч нөлөөлж байна шүү дээ. Сүүлийн өдрүүдэд миний гар утсанд иргэдээс мессэж их ирж байна.
Өдөрт 200 гаруй зурвас ирэх боллоо. “Чингэлгийн тээврээ болиод өг. Задгай тээврээ явуул” гэх юм. Болдогсон бол одоо ч гэсэн задгай тээврээ явуулчихмаар л байна. Чингэлгийн тээврийг Хятадын талаас тавьсан санал гэдгийг ард түмэн санах хэрэгтэй. Ер нь хүмүүс аливаа асуудлыг амархан мартдаг болохоор болсон үйл явдлыг сануулж хэлмээр байна.
2021 оны аравдугаар сарын 13-нд ковидын нөхцөл байдлаас болоод Замын-Үүд- Эрээний хил хаагдсан. Гурван cap гаруйн хугацаанд Гадаад яам болон Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг бүхий л талаараа ажилласан. Бээжинд байгаа Монголын Элчин сайдын яам, Хөх хот, Эрээн дэх Консулын газар, Хятадын Элчин сайдын яам гээд бүгд уйгагүй ажилласан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл Хятадын Ерөнхий сайдтай утсаар ярьж, цахим уулзалт хийж байв.
Ингээд бүгд эрвийх дэрвийхээрээ хөөцөлдсөний үр дүнд 2022 оны нэгдүгээр сарын 11-нд хоёр улсын хооронд тээвэр эхэлсэн. Хятадын талаас хүн хоорондын харилцаа үүсгэхгүйгээр тээвэр зохион байгуулна гэсэн ганц шаардлагыг бид хүлээн авсан. Одоо Хятад өөрийнхөө улстай хиллэдэг бүх хуурай боомтоор ачаа тээврийг яг энэ жишгээр тээвэрлэж байгаа юм билээ. Чингэлэг тээврийн горыг манай яам ч өөрсдөө амсаж байгаа нь худлаа биш.
Жишээлбэл, Дарханы зам дээр ажиллах асфальтын үйлдвэр, машин, тоног төхөөрөмжүүд бүгд Эрээнд гацчихлаа. Төмөр замаар авъя гэхээр овор ихтэй, оруулж болдоггүй. Чингэлгээр ачъя гэхээр багтдаггүй төхөөрөмжүүд бий. Энэ зовлонг Монгол даяараа амсаж байна.
– Замын-Үүдийн жолооч нар ярихдаа чингэлэг тээвэр гээчийг манай талаас гаргасан санал гэх юм билээ?
– Тэндхийн жолооч нар хэсэг хэсгээрээ нэгдсэн тав, зургаан төрийн бус байгууллага байна. Бүгд л задгай тээврээ хурдхан шиг явуулдаг болгоодохооч гэдэг. Харамсалтай нь Хятадын талаас тавьсан шаардлага ийм байна.
– Задгай тээврээ явуулдаг болгохын тулд айлын талтай яриа хэлэлцээ хийж байгаа юу?
– Бид нэг зүйлээс болгоомжлох ёстой. Задгай тээврээ явуулъя гэцгээж байгаад гурван cap хөөцөлдөж бий болгосон чингэлгийнхээ тээврийг бүр зогсоочих вий дээ. Тэгвэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой адил зүйл болно. Мэдээж энд иргэдийн бухимдал, үнийн өсөлт гээд хоолойд тулсан олон асуудал байна.
Эрээн хотын захиргаа болон Худалдааны танхимаас нь ачаа тээврийг сугалаагаар ачих ажлыг зохион байгуулж буй юм билээ. Үүнийг манайхан зүгээр хараад суугаагүй. Хүчний байгууллагуудад нь хэлж ярьж, холбогдож байгаа. Бид сүүлийн үед Замын-Үүдийн жолооч нараас ирүүлсэн саналыг хүлээж аваад нэгтгэн, Хятадын талд тавьсан. Хараахан хариу ирээгүй байна. Задгай тээврээ эхлүүлэхийн тулд манайхан ажиллаж байна. Чингэлэг тээврийн хажуугаар багахан ч гэсэн задгай тээврээ эхлүүлчихвэл нэмэртэй юм даа.
– Жолооч нарын хувьд чингэлэг тээвэрт таныг буруутгаад байна шүү дээ. Задгайгаар тээвэрлэх боломжтой байтал Л.Халтар сайд өөрийнхөө бизнесийг дэмжиж, чингэлгийн системд оруулж, улсаа хохироолоо гэж байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
– Хилийн цаана өмнөд монголчууд нь тээврээ зохион байгуулж байгаа. Наашаа гараад ирэнгүүт нь манай ЗХЖШ, хилийн цэрэг, онцгойгийн хэдэн жолооч нар тээвэрлээд бүс нутгийн логистикийн төв дээр авчирч байна.
Тэндээс нь хүлээн авагч нар ачаагаа аваад явчхаж байна. Энэ үйл ажиллагаанд миний оролцоо байгаа гэж дайрч байхын оронд цагдаагийн байгууллага, АТГ, ТЕГ-т намайг өгөөд шалгуулчих л даа. Би бүгдийг шалгуулахад ямар ч эсэргүүцэх зүйл алга. Харин ч нэрээ цэвэрлээд авчих юм сан гэдэг бодол төрж байна.
– Тэгвэл та хариуцлага хүлээхэд бэлэн байна уу?
– Буруутай байгаа бол огцроод зогсохгүй шоронгийн хаалга татна биз дээ. Бидний туйлын зорилго бол чингэлэг тээврийнхээ хажуугаар задгай тээврийг бага боловч яаж ийж байгаад эхлүүлээд авах юм сан гэдэг л байна.
– Байнгын хорооны хурал дээр Ч.Хүрэлбаатар гишүүн “Ковидоос болоод урд хил хаалттай. Дайнаас улбаалж хойд хил гацаа саадтай байгаа үед Л.Халтар сайд гарц шийдэл ярихгүй зугтаад байна” гэсэн. Намын нөхөд тань хүртэл таныг шүүмжлээд эхэллээ…
– Ачаа тээвэртэй холбоотой асуудал дээр хүссэн, хүсээгүй Зам, тээврийн хөгжлийн яам хэний ч толгойд орно. Бүгд л задгай тээврээ явуулахыг хүсэж байгаа. Ч.Хүрэлбаатар гишүүнийг улстөрчийнх нь хувьд, Сангийн сайдаар удаа дараа ажилласан хүнийх нь хувьд, намын журмын нөхрийн хувьд хүндэтгэдэг. Сайн улстөрч, сайн эдийн засагч. Мань хүн Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд асуудалд гарц шийдэл эрэлхийлсэн өнцгөөр харж, надад хандсан байх гэж эергээр хүлцэж авч байна даа. Миний алдаа гэвэл биднээс үл хамаарсан, айлын талаас тавьсан шаардлагын дагуу ажиллаж, өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна шүү гэдгийг Ч.Хүрэлбаатар гишүүн болон бусад УИХ-ын гишүүд, ард түмэнд ойлгуулж чадаагүйд л байна.
– Тяньжин боомтод 10 мянган контейнер гацсан гэх мэдээлэл бий. Монголын эдийн засаг түгжигдсэн энэ асуудалд танай яамны зүгээс ямар гарц шийдэлтэй байна вэ?
– Тяньжин боомтод ачаа бараа саатсан хэвээр байгаа нь үнэн. Тус боомтод дээд тал нь 10 мянган машин, контейнер саатсан гэсэн ташаа мэдээлэл нийгэмд яваад байна. Бодит байдал дээр 6,002 чингэлэг гацсан байгаа юм билээ. Сүүлийн үед ахицтай, дөрөвдүгээр cap гараад наашаа явж буй галт тэрэгний тоо хоногт 2.5 болж нэмэгдсэн тухай мэдээ авлаа. Цаашид галт тэрэгний тоог нэмэгдүүлнэ гэж Хятадын тал амлалт өгсөн. Мэдээж цаанаасаа чингэлгийн урсгал тасрахгүй ирээд л байгаа шүү дээ. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар 5,772 чингэлэг Тяньжин боомтод саатсан байна.
Дайны улмаас Европт нөхцөл байдал хүнд болонгуут тойрч, Хятадын боомтоор ирж байгаа тохиолдол бий. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын Гадаад харилцааны сайдтай утсаар ярьж энэ асуудлыг хөндсөн. Бид ч хүсэлт тавьсан юм. Ганцхан Тяньжин боомт биш Жинжоу, Инкоу, Чинхуандоу, Цаофендоу, Хуагнхоу боомтуудыг Монголд ашиглахад дэмжлэг үзүүлээч ээ. Тяньжин дээр ирж байгаа ачаануудынхаа урсгалыг эдгээр боомт руу задлаач гэсэн санал тавьж байгаа юм. Хятадын хувьд эдгээр боомтуудад арга хэмжээ аваад төмөр замынхаа захиалгад оруулъя гэдэг шийдлийг гаргаж байгаа юм байна. Тэгэх юм бол бид тээвэр логистикийн үйлчилгээ хийдэг компаниудад зарлана.
Тяньжин дээр нэг зовлонтой. Заавал Бээжингийн их төмөр замыг дайрч явдаг. Саяны нэр дурдсан Хуагнхоу, Жинжоу зэрэг боомт бол шууд Бээжингээсээ урдуур нь юм уу, хойгуур нь тойроод ирэх бололцоотой. Ингэж чадвал аалзны тор шиг шигүү болчихсон, зорчигч тээврийн урсгал өндөртэй, ачаа тээврийн маш хатуу графиктай хэсгээ дайрахгүйгээр гараад ирнэ гэсэн үг.
Тавдугаар сарын дундуураас наашаа ирэх галт тэрэгний тоонд нэлээд ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа. Цаанаасаа ачаа задгайгаар Эрээн дээр ирчхээд дахиад чингэлэг тээврийн систем рүү орох учраас гол хүндрэл нь тэр байна.
– Орос, Украины дайнтай холбоотойгоор Европоос ирэх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна?
– Бид эрсдэлүүдийг тооцож байгаа. Манай улс Европтой гурван чиглэлийн тээврээр холбоотой байна. Төмөр зам, авто болон агаарын тээврээр. Төмөр замын тээврийн хувьд саадгүй явж байна. Харин авто тээвэрт хүндрэл үүсэх маягтай болж эхэлж байгаа. Яагаад гэвэл ОХУ болон Беларусийн харьяалалтай жолооч нарыг Европын холбооны орнууд руу оруулахгүй гэдэг хориг тавигдаад эхэлчихлээ. Монгол руу тээвэр хийдэг Орос, Беларусийн жолооч нар цөөнгүй бий. Тэд хязгаарлагдах нөхцөл байдал үүсэж байна. Энэ мэдээг аваад бид Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны удирдлагуудтай холбогдоход, тээвэр хийх 400- 500 жолооч байна. Команд өгвөл явахад бэлэн гэлээ.
Ачаа хүлээн авагч нар “Нөхцөл байдал хүнд боллоо, бараагаа татаж чадахгүйд хүрлээ, ийм, ийм газруудаас таталт хийнэ” гээд ороод ирвэл бид тус холбооны зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүдийг Европын орнууд руу явуулна. Импортын ачаа бараануудаа татахад үндсэндээ бэлтгэл ажил хангачхаад байна. Агаарын тээврийн хувьд Орос, Украины хооронд цэргийн ажиллагаа эхэлсэн цагаас нөхцөл байдлыг тооцсон. Нислэг үйлдэж байгаа гол хоёр чиглэл маань Туркийн Истанбул, Германы Франкфурт.
Дайнаас өмнө ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр шууд нисээд хүрдэг байсан. Харин одоо Хятадын Өрөмч, Казахстаны баруун урд хэсэг, дундад Азийн орнуудаар дайраад Туркийнхээ баруун урдаас Истанбулд очиж байна. Яг энэ маршрутаараа цаашаа Германы Франкфурт руу нисэж байгаа. Нэг талын нислэгийн хугацаа 2.5-3 цагаар уртсаж, тэр хэрээр зардал нэмэгдэж байна. Нөхцөл байдал хүнд байгаа ч МИАТ- ийн хувьд өнөөдөр тарифаа нэмээгүй. Суудал дүүргэлт багасвал тариф өөрчлөгдөхөөр байна гэсэн. Монголчууд минь аль болох үндэсний агаарын тээврээ дэмжиж, зорчоорой гэж уриалъя.
– Далайд гарцгүй, хоёр том гүрний дунд орших манай улсын хувьд экспорт, импортын асуудал хоёр хөршөөс хамааралтай байна. Айл хаалгаа хаавал эдийн засаг тэр чигээрээ түгжигдэнэ. Тэгэхээр ганц гарц нь агаарын тээвэр. Агаарын тээврээ хөгжүүлж, ачаа бараагаа зоож байх ямар боломжууд байна вэ?
– Энэ талаар МИАТ-ийн удирдлагуудтай ярилцаж байгаа. Цаашид нөхцөл байдал бүр хүндэрвэл тансаг бараа гэхээсээ урьдаар Европын орнуудаас авдаг эм, эмийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээ агаарын тээврээр татна. МИАТ-ийн нислэг Франкфурт, Истанбулыг эм, эмийн бүтээгдэхүүн эмнэлгийн тоног төхөөрөмжүүд ирдэг гол цэг болгож, тэндээс МИАТ яаралтай эм тариагаа татан авдаг болох нөөц хувилбар бий. Энэ чиглэлд нислэг хийх үнэ тарифын тооцоо судалгаа ч гарсан. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хурал дээр Эрүүл мэндийн сайд, Эмийн газрын удирдлагад тодорхой хэлсэн. Франкфурт, Истанбул гэсэн цэг бол МИАТ компаниас тавьж байгаа боломжит хувилбар. Магадгүй өөр гарц байвал эртхэн төлөвлөөд, зардал мөнгөө тооцоорой гэсэн. Дамжин өнгөрөх улсуудаас зөвшөөрөл зэрэг хөөцөлдөх учраас варентуудаа дэвшүүлээрэй гэж байгаа юм.
– ОХУ хоригт орсон энэ үед тус улсаас онгоц хямд авах боломж байна гэж салбарын мэргэжилтнүүд ярьж байсан. Үүнийг судалж үзэв үү?
– МИАТ-ийн хувьд худалдаад авах санхүүгийн боломж алга. ОХУ-д өнөөдөр гадагшаа чартер нисдэг байсан онгоцууд нь зогсчихсон болохоор худалдаж аваач, эсвэл бололцооны үнээр түрээслээч гэх болжээ. Тэр нь цаашаа Европын орнууд руу нисэхэд хоригт нөлөөлөх үү, үгүй юү гэдэгт чиглэл авахаар Гадаад харилцааны яамандаа хүсэлт тавьсан. Ер нь МИАТ-ийнхэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад агаарын тээврийн тусгай онгоцуудыг боломжийн үнээр түрээсэлж нислэг үйлдэхээр ажиллаж байна.
– МИАТ-ийн хувьд алдагдалтай ажилладаг салбар учраас үе үеийн Засгийн газар хувьчлах өмчийнхөө жагсаалтад хамгийн түрүүнд оруулж ирдэг. Энэ удаад ч бас МИАТ-ийн хувьчлал олны анхаарлыг татаж байх шиг. Харин салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
– Өнөөдрийн ийм хүнд цаг үед МИАТ-ийг хувьчлах асуудал хэр зэрэг оновчтой юм бэ гэдэгт эргэлзэж байгаа. Бусад газруудын хувьд ярихад асуудалгүй. Магадгүй бидний Оросоор дамжиж Европ руу гарах төмөр замын хувьд асуудал үүсвэл яах вэ. Авто тээврийн асуудал нь бас хүнд байдалд ороод ирэхэд аврах ганц гарц бол агаарын тээвэр байна шүү дээ.
– Төмөр замын талаар асууя. Б.Пүрэвдорж гишүүн “12 галт тэрэг хилээр гардгийн найм нь Оросынх байна” гэл үү дээ. Монголынхоо галт тэргийг нэмж болдоггүй юм уу?
– Б.Пүрэвдорж гишүүний гаргасан санал зөв. Нэг талаасаа тухайн байгууллагын эрх ашиг. Нөгөө талдаа улсын эрх ашиг гэсэн хоёр зүйл байгаа. Улаанбаатар төмөр замын хувьд 2021 болон 2022 оны нэгдүгээр сард тарифтаа өөрчлөлт оруулсан. Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдгийг ард түмэн бүгд мэднэ. Оросын талаас нэг л асуудал тавьдаг юм. Энэ компани цаашдаа элгээрээ хэвтэх нь байна шүү. Монголын тал минь тарифын асуудлаа шийдээч ээ гэдэг. Ингэвэл бүх суурь үнэд нөлөөлөх нь гарцаагүй.
Бид бүхэн хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, зорчигч тээврийн үнэ, эрчим хүчний нүүрс, тээврийн тарифаа хөдөлгөхгүй, хатуу бодлогоор барьж байгаа. Экспортын зарим нэг, дэлхийн зах зээлд үнэ нь өсөж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хувьд тарифыг бага багаар хөдөлгөсөн.
2019 оны жишээ хэлье. Тухайн жилийн дүнг аваад үзэхэд транзит тээврээс орж байгаа ашиг нь 80 тэрбум төгрөг. Түүнээсээ Монголын зорчигч тээвэр, барилын материал, хүнсний ачаа, дотоодын эрчим хүчний нүүрс гээд нийгмийн чанартай ачаанаасаа 72 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Үндсэндээ энэ аж ахуйн нэгж транзит тээврээр амь зогоож байгаа газар. Үүнийг бид ойлгох ёстой.
Нөгөө талаар Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн 14 галт тэргийн тухайд хэлэхэд, Ази Европын хооронд явж байгаа чингэлгийн тээвэр өндөр өсөлттэй явж байна. Үүнийгээ тодорхой хэмжээний тоон дээр аваачаад Монголынхоо экспортын ачааг нэмэгдүүлэх чиглэл бариач гэж байна. Бид бас ийм чиглэлийг Улаанбаатар төмөр замын удирдлагад өгч байгаа. Буцаагаад тавьдаг асуудал нь нөгөө л тариф байна. Энэ аж ахуйн нэгж 16 мянган ажилтан, албан хаагчтай. Нэг хүний цаана 3-4 ам бүлтэй гэж тооцвол 64 мянга гаруй хүнийг тэжээж байгаа гэсэн үг.
Хажуугаар нь нийгмийн шинж чанартай маш олон байгууллагуудыг өөрийнхөө нуруун дээр аваад явдаг. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр шийдлүүд гаргах ёстой. Гэхдээ бид том эдийн засгаа бодох нь зүйн хэрэг. Ялангуяа өнөөдрийн эдийн засаг, үүссэн нөхцөл байдлыг харахад нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалууд маань нэг вагон ч гэсэн илүү гарч байвал валютын урсгалыг татахад нэмэртэй. Ийм чиглэлийг Улаанбаатар төмөр замын удирдлагуудад өгч ажиллаж байгаа.
– Ачаа тээврийн гацалт манай хил гаалийнхантай холбоотой биш үү?
– Угаасаа үүссэн нөхцөл байдалтай холбоотой. Хойшоо бол цөөн ч гэсэн иргэд гараад явж байна. Урагшаа чиглэсэн иргэдийн зорчигч тээвэр бүгд хаагдсан шүү дээ. Хил нээлттэй байдаг сан бол манай урд хөршийг тойрсон Казахстан, Киргиз, ОХУ, Вьетнам, Непал гээд хуурай боомтуудаар очоод үзмээр байгаа юм. Хятадын талаас хэдийгээр тодорхой хязгаарлалт байгаа ч гэсэн яг Монгол руу чиглэсэн бодлого нь харьцангуй зөөлөн.
Манай улс өдөрт 300, 400 машин нүүрс боомтуудаар гаргаж байна. Гэтэл Казахстан, ОХУ-аас авах нүүрсний машин хоногт 150-аар хязгаарлагдаж байгаа. Ийм болоод ирвэл бид яах уу. Хилийн боомтуудад байгаа хяналтын байгууллагууд маань халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулах асуудал бий.
– Боомтын сэргэлтийн хүрээнд нэлээд бүтээн байгуулалт өрнүүлэхээр харагдаж байсан. Энэ онд шинээр тавигдах орон нутгийн замууд аль, аль нь вэ?
– Автозамын салбарын хувьд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтээр нэлээд ажил хийхээр төлөвлөсөн. Хамгийн түрүүнд хилийн боомтуудыг төмөр зам, автозамаар холбоно. Дээрээс нь орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг 4С болгох гэсэн гурван том багц төсөл явж байгаа. Хилийн боомтуудын хувьд баруун босоо чиглэлийн төмөр зам, Цагаан нуур буюу Улаан байшинтын боомтыг бүрэн холбоод дуусгана. Дархан Сэлэнгийн чиглэлийн замаар Зэлтэрийн чиглэлд явж байгаа 124 км автозамын ажил энэ жил үргэлжилнэ. Дорнод аймгаас Хавиргын боомтын чиглэлийн зам явна. Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл концессоор баригдаж байгаа зам ч үргэлжилнэ. Мөн Таван толгойгоос Ханги чиглэлд 430 км зам баригдана. Дотооддоо алдарт Дарханы зам, орон нутгийн шинж чанартай улсын чанартай замуудын бүтээн байгуулалтуудыг өрнүүлнэ.
– “Дарханы замтай үйлийн үрээр учирлаа” гэж таны хэлсэн үг нийгмийг нэлээд цочирдуулах шиг болсон. Яагаад ингэж хэлсэн юм бэ?
– Энэ замын зовлонг дэндүү сайн мэдэж, эдэлж байгаа хүн бол би. Ер нь аливаа ажил технологийн нарийн чимхлүүр ажилтай байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Зам барих хүртэл хүний нүдэнд харагддаггүй маш олон дамжлага, технологийн ажлууд хийгддэг. Тэр болгоныг хүмүүст ярихад ойлгодоггүй. Ойлгох ч алба байхгүй байх. Иргэд зам хурдан тавигдах ёстой л гэдэг. Дарханы замын хувьд ковидын нөхцөл байдал үнэхээр нөлөөлсөн. Ялангуяа 2019, 2020 он биднийг маш их зовоосон. 2021 онд цар тахал их байсан ч нөхцөл байдалтайгаа дасан зохицуулаад нэлээд ажил явуулсан.
Энэ зам 2019 онд эхэлсэн боловч үнэн хэрэгтээ 2019, 2020 онд ажил яваагүй шүү дээ. 2020 оны хоёрдугаар сард хятадууд орж ирж зам барина гэтэл нийгэм тэр чигээрээ яамны эсрэг боссон. “Та нар баахан ковид оруулж ирж тараах гэж байна” гээд зогсоогоод авсан. Ингээд 2021 оны долдугаар сарын 10-нд эхний хятад ажилчид Замын-Үүдээр орж ирсэн. Тэр үед гаднаас ирсэн зорчигчид 21 хоног хатуу тусгаарлалтад, гараад 14 хоног гэрийн хөл хорионд байдаг байсан. Яг тэр нөхцөл байдалд хятадууд Дарханы замын кемп дээрээ тусгаарлалтад байсан. Зөвхөн хөл хорионд 45 хоног алдчихаж байгаа юм.
Ингээд бүтэн жил зогссон тоног төхөөрөмжүүдээ тосолж, арчилж, засвар үйлчилгээ хийсээр байтал есдүгээр cap гарсан. Ердөө арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл 45 хоног л ажилласан. Энэ хугацаанд бороо, цас гээд цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсэж ажил зогссон өдрүүд цөөнгүй. Дээрээс нь Баянчандмань, Баруунхараа, Хонгор болон Дархан тэр чигээрээ хэд хоног хатуу хөл хориотой, хаалттай байсан. Нөгөө хяналт тавьдаг улсууд, кемпүүд бүгд хорионд орсон. Харин ч сиймхийгээр нь ажилласаар байгаад овоо явсан.
– Яг хэзээ ашиглалтад орох вэ. Салбарын сайдын хувьд ам өгөхгүй юү?
Амралтын өдрүүдэд талбай дээр хамт ажиллаад ирлээ. Маш шуурхай арга хэмжээ авч энэ оны аравдугаар сарын 30-нд хатуу хучилттай болгоно гэдэг амлалтаа өгөөд явсан. Үндсэндээ энэ зун миний бие Дарханы замын дөрөвдүгээр багц дээр зогсох ажилтай байна даа. Гол нь хоёр, дөрөвдүгээр багцын түр зам дээр онцгойлж анхаарна. Ард түмний зовлонг ойлгож байгаа. Иргэд бас бидэнд хэлж байна. Өдөрт Дарханы замтай холбоотой 30, 40 мессэж надад ирдэг. Жолооч нарыг сайн мэдээлэл өгч байгаарай гэж захидаг. Би тэр мэдээллийг аваад гүйцэтгэх компаниудад шууд чиглэл өгдөг.
Иргэд надад хэлж байгаа юм. “Халтар минь ээ, түр зам чинь гайгүй бол бид ингэж бухимдаад байхгүй шүү дээ” гэж байна. Зуны ид хөл хөдөлгөөнтэй үед төрийн өмчит АЗЗА-иудтай гэрээ байгуулаад өртөг мөнгийг нь өгөөд түр замаа засуулаад аваач ээ гэсэн саналыг тавьж байгаа юм. Тэд судлаад тодорхой хариулт өгье гэсэн.
Эх сурвалж: Өдрийн сонин