Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссыг Шадар сайд С.Амарсайхан тэргүүлдэг.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтын найруулагчаар 19 хүний нэр яригджээ. Тэдгээрээс УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нар тунаж үлдсэн байна.
Б.Тамирын хувьд татгалзсан байр суурь илэрхийлсэн ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй аж. Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хороо ирэх баасан гарагт хуралдаж, баяр наадмын найруулагчийг эцсийн байдлаар сонгох аж. Найруулагч Н.Наранбаатар 2016, 2017, 2018 онд үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертын найруулагчаар ажиллаж байв.
Цар тахлын улмаас манай улс 2020 оны баяр наадмыг XIII зуун цогцолборт цомхон тэмдэглэсэн. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон ч Засгийн газраас наадам тэмдэглэхийг хориглосон бөгөөд баяр наадамд зориулсан урлагийн тоглолтын зураг авалтыг Хүй долоон худагт хийж, наадмын өдрүүдэд телеконцерт нэвтрүүлсэн билээ.