В.Зеленский: Украин өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийн экспортоо зогсооно

КИЕВ. /unian/. Украин улс халаалтын шинэ улирлын бэлтгэлтэй холбогдуулан байгалийн хий, нүүрсний экспортоо зогсооно гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
“Дайны улмаас тусгаар тогтнолын жилүүд дэх үнэхээр хамгийн хүнд өвөл тохионо. Энэ үед бид хий, нүүрсээ гадагшаа зарахгүй. Дотоодын бүх үйлдвэрлэл манай иргэдийн дотоод хэрэгцээнд чиглэгдэнэ” гэж В.Зеленский мягмар гарагт “Телеграм” сувагтаа байрлуулсан видео мэдэгдэлдээ дурдсан байна.
Украины төрийн өмчит уурхайнуудад нүүрсний олборлолт хоёрдугаар сарын сүүлчээс хойш гуравны нэг орчмоор буурсан тухай тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мягмар гарагт мэдээлсэн юм. Тэрбээр “Украины түүхэн дэх хамгийн хүнд хэцүү халаалтын улиралд бэлтгэхийг” зөвлөжээ. Украины Засгийн газраас “Нафтогаз” компанид өвлийн эхэн гэхэд хийн агуулахуудад 19 тэрбум шоо метрээс доошгүй байгалийн хий нөөцлөхийг даалгажээ.
Шмыгалийн мэдээлснээр, Украин улс өнгөрсөн халаалтын улирлыг 9 тэрбум шоо метр хийн үлдэгдэлтэйгээр дуусгасан байна. Зургаадугаар сарын 1-ний байдлаар тус улсын газар доорх хадгалах байгууламжуудад 10 тэрбум шоо метр хий байжээ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Related Posts

}

Шинэ мэдээ