Өчигдөр буюу 6-р сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн нутаг Сайншанд-Айраг өртөө хооронд 26.5м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсан байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Улхын-Овоо зөрлөгийн 3-р зам дээр уруу талаас нь стандарт нормын дагуу 6 ширхэг ивүүрээр бэхэлсэн байсан 55 вагоныг хүчтэй салхи өгсүүр тал уруу нь тууж өнхрүүлжээ.
Салхинд туугдан эрчээ аван явсан хөдлөх бүрэлдэхүүнийг төмөр замчид зэрэгцэн дагаж гүйцэж түрүүлэн Улхын овоо зөрлөгийн дарга А.Соёмбо нь овсгоо гарган холбоо ивүүр тавьсан байна.
Салхинд туугдан 20-иод км явсан бүрэлдэхүүн зогссоны дараа төмөр замчид эсрэг талд нь ивүүр тавьж бүрэлдэхүүнийг буцаж өнхрөхөөс сэргийлж чаджээ.
Ийнхүү салхинд туугдаж жолоодлогогүй болсон хөдлөх бүрэлдэхүүнийг замаас гаргалгүй боломж гармагц зогсоож болзошгүй осол сүйрлээс сэргийлж чадсан байна.
Мөн хөдөлгөөнчид цаг алдалгүй замаа чөлөөлж, коридор гаргаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байна. Зүтгүүрчид өгсүүр газар ивүүр авмагц буцаад өнхрөх эрсдэлтэй налуугаас ур чадвар гарган 55 вагоныг аюулгүй газарт авчирчээ.
Байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас үүссэн эрсдэлтэй байдлаас төмөр замчид мэргэжлийн ур чадвар гарган хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадсан явдал нь болзошгүй аюулын үед тэдний хэрхэн ажиллахыг сорьсон явдал болов. Байгалийн гамшгийн үед төмөр замчид гар нийлэн мэргэжлийн ур чадвар гарган ажиллахад бэлэн байгааг уг үйл явдал харууллаа.
Тэрчлэн төмөр замчид зуны тээвэрт сайн бэлдэж чадсаныг болон замын даргын үзлэг урд замд чанартай сайн явагдсаныг энэ үйл явдал баталлаа.