Өнөөдрийн байдлаар таван аймгийн зургаан суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун хэллээ.
Тэрээр “Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увс аймгийн Өмнөговь , Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Архангай аймгийн Ихтамир зэрэг сумдад шүлхий өвчний шинж илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоосон. Мал эмнэлгийн ерөнхий газраас хорио цээрийн дэглэмтэй газруудад мэдрэмтгий малыг сүргээс тусгаарлах, дархлаажуулах ажлууд хэрэгжүүлж байгаа. Мөн малыг шимэгчтэх өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жил батлагдсан төлөвлөгөөний дагуу давхардсан тоогоор 80 сая орчим малыг угаалга, туулга, боловсруулалтад хамруулна. Шимэгчлэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд, чанартай хийх нь малын гадна, дотор шимэгчдээс сэргийлэх, тарга хүч авахад чухал нөлөөтэй” гэлээ.