Амаржсан, төрсөн ээжид шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг Монгол уламжлал бий. Энэ уламжлалын дагуу төрсөн эхийн ар гэрийхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл, хоол унд бэлтгэх явдал түгээмэл болсон. Нэг талаар энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог.
Тиймээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүллээ. Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй, сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байна. Ингэхдээ захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн мөн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгөх юм. Захиалгыг өглөө 07:30-19:30 цагийн хооронд авдаг боллоо.
Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв