Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол маргааш буюу 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болно. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.
Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс Ерөнхий сайд Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.
Япон Улсын Ерөнхий сайд асан Ш.Абэ нь Ерөнхий сайдын албыг хашиж байх үедээ Монгол Улсад гурван удаа айлчилсан. Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм.
Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсоноор бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.