Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын иргэн Монгол Улсын иргэний биед ноцтойгоор халдаж, хүнд бэртэл учруулсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас/ЦЕГ/ хэргийн шалгалтын явцыг танилцууллаа.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Одоогоор гадаадын иргэд гэмт хэрэг үйлдээд хэв журмын асуудал хүндрээд байгаа зүйл байхгүй байна. Есдүгээр сарын 22-23-ныг шилжих шөнө ОХУ-ын иргэн “Д” Монгол Улсад ирсэн. Тэрээр хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэх гэж энэ сарын 24-ний өдөр тухайн байршилд ирсэн. Тухайн Монгол Улсын иргэний байрны танил болох Г-ийнд тэд орсон. Г-ийн гэрт нэг Монгол Улсын иргэн, байрны эзэн “Г”, хил дээр танилцсан хүн, түүний найз гээд үндсэндээ гурван монгол, ОХУ-ын нэг иргэн байсан. Шалгалтын эхний ээлжийн байдлаар согтууруулах ундаа хэрэглэж анх танилцсан иргэн болон найз гэх хоёр иргэн гарч явсан гэж тайлбарлаж байгаа. Ингээд иргэн “Г” болон ОХУ-ын иргэн “Д” нар үлдэж, иргэн Г-ийн биед халдсан асуудал гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. ОХУ-ын иргэн Д-г өчигдөр/2022.09.25/ 48 цаг саатуулах арга хэмжээ авсан. Мөн архи уухад хамт байсан гэх хоёр иргэнийг саатуулсан. Цахим орчноор ОХУ-ын Элчин сайдын яамаас асууна гэх ташаа мэдээлэл гарсан байна. Тухайн иргэнд ямар нэг дипломат эрх ямба эдлэхгүй, байхгүй гэлээ.