Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 135 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт орсон мэтээр хуурамч мэдээлэл оруулсан гэх;
Төв аймгийн Баяндэлгэр сумын удирдах албан тушаалтан “Д” нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх буюу хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгод ашиглан, хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх;
“Д” нь Завхан аймгийн Завханмандал сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хууль тогтоомжоор олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан иргэнээс бусдын дансаар шилжүүлэн мөнгө авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
Дундговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн суманд хог зөөврийн автомашин худалдан авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулаагүй, шууд гэрээ байгуулахдаа хуулийн шаардлага хангаагүй компанид давуу байдал олгож гэрээ байгуулсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.