Жолооч нарын буруутай үйлдлээс болж явганаар зорчиж явсан хүүхдүүд автомашинд мөргүүлж, хүнд бэртсэн болон амиа алдсан тохиолдол олон гарч байна.
Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн осол гэмтлийн улмаас амиа алдах тэргүүлэх шалтгаан нь зам тээврийн осол болжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн улирал бүр гаргадаг хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийн тайланд дурдсанаар, 2021 онд 10-14 насны нас барсан хүүхдүүдийн 58 хувь, тав хүртэлх насны эндсэн хүүхдүүдийн 11.2 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байсан гэжээ.
Өнгөрсөн онд гэхэд 0-15 хүртэлх насны 234 хүүхэд осол гэмтлийн улмаас амиа алдсан байна.
Гэмтэл, ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн шалтгааныг ангилж харвал,
- Зам тээврийн ослын улмаас -67
- Усны ослоор-38
- Амьсгал боогдож-32
- Хордож-19
- Амиа хорлож-17
- Түлэгдэж-14
- Унаж гэмтсэний улмаас-10
- Бусад осол гэмтлийн шалтгаанаар 37 хүүхэд тус тус амиа алджээ. Ингэхдээ 0-4 насныхад амьсгал боогдох шалтгаан тэргүүлж байгаа бол 5-15 хүртэлх насныхад зам тээврийн осол хамгийн өндөр хувийг эзэлж байгааг эргэн сануулъя.
Түүнээс гадна, улсын хэмжээнд осол гэмтэлд өртсөн иргэдийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлдэг. Тэдгээрийн шалтгааныг авч үзвэл, 10-14 насны хүүхдүүдийн ослын шалтгааны хоёрдугаарт, 15-19 насны хүүхдүүдийн гуравдугаарт, 5-9 насны хүүхдүүдийн дөрөвдүгээрт зам тээврийн осол бичигдсэн байна.