“Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо” нь СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАРТАЙ мэдээллийн технологи харилцаа холбооны салбарт чухал нөлөө үзүүлэх стандартын талаар харилцан мэдээлэл туршлага солилцох, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд стандартчиллын бодлогыг хамтран тодорхойлох, стандартад нийцсэн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “Монголын Олон суваг дамжуулагчдын Холбоо”-ний Гүйцэтгэх захирал Ж.Золбат, Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн нар гарын үсэг зурлаа.
Олон суваг дамжуулагч үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, эрх үүргийг нэмэгдүүлж, тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, олон улсын мэдээлэл технологийн салбарын хөгжил дэвшлээр иргэдийн оюуны эрэлт хэрэгцээг хангах, Монгол улсад мэдээлжсэн нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
Тэр ч утгаараа төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилласаар ирсэн гэдгийг хэлж байлаа. Энэ удаагийн санамж бичгийн хүрээнд салбарын үйл ажиллагаанд уялдсан стандартын талаар сургалт зохион байгуулах, олон нийтэд стандартын талаарх мэдлэг мэдээллийг түгээх, олон улсын стандартыг үйлчилгээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.