Эвдэрч орхигдсон 8,000 га газрыг нөхөн сэргээхээр ажиллаж буй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ байнгын хорооны хуралдааны үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тухайн газруудын эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа. Эзэн холбогдогчийг тогтоох ажлыг явуулж байгаа. Нөхөн сэргээлт сайн хийж буй компаниудыг бид зарлаад эхэлсэн. Орон нутгийн иргэдтэй хамтраад тодорхой хэмжээнд гахай үржүүлэх, мод тарихаас эхлээд сайн ажил хийж буй компаниуд бий.
Үүнийг бид албан ёсоор зарлаж, нарийвчилсан үнэлгээ болон менежментийн төлөвлөгөөг нь баталж, үйл ажиллагааг нь ямар нэгэн саадгүй явуулах боломжоор хангана” гэлээ.
Хамрын хийд орчмын газрыг тусгай хамгаалалтад авахтай холбоотойгоор “Сав газрууд болон тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалалтад авахтай холбоотой судалгаа хийж байна. Хамрын хийдийн тухайд хоёр хуваагддаг. Зарим нь үүсмэл гэж ярьж энэ утгаараа эсэргүүцдэг.
Зарим нь эсэргүүцлийнхээ хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийг авсаар байвал иргэд хаана амьдрах юм бэ гэдэг асуудлыг хөнддөг. Тиймээс аль аль талд нь шинжлэх ухааны үндэслэлтэй хандах үүднээс судалгааны ажил хийж байгаа. Ойрын хугацаанд дүгнэлтээ танилцуулна” гэв.