АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр орой Сүхбаатар дүүргийн нутаг, “Юнион бюлдинг” төвд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж, шаардлагатай санхүүгийн болон хамтын ажиллагааны гэрээ, бичиг баримтуудыг нь хураан авчээ.
Тус компанийн захирал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалын албан өрөө болон хамаарал бүхий аж ахуйн нэгж, гэрт нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд үзлэг, нэгжлэг хийжээ.
Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлон экспортолдог аж ахуйн нэгжүүд их хэмжээний ашигт малтмал гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нэвтрүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Энэ ажлын хэсгийн шалгалтын хүрээнд өчигдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын нийт 24 обектод нэгжлэг хийж, 33 хүнээс мэдүүлэг тайлбар авчээ.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргалыг хууль хяналтын байгууллагаас шалгах шаардлага үүссэн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Гэвч энэ хүн одоогоор БНСУ-д байсаар байгаа юм.
ХЗДХ-ийн сайдын мэдэгдлийн дараа “Би инженерүүдийн хамтаар БНСУ-д ажиллаж байна” гэж өөрийн цахим индэрт бичсэн боловч, инженерүүд нь аль хэдийнэ Монголд ирсэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар тэрбээр ирэхгүй байсаар байгаа юм.