Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Саяхан бид Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Манай экспортын 93 хувь нь нүүрс, зэс, төмрийн хүдэр, алтан дээр тогтдог. Экспортын гол бүтээгдэхүүнд хэн ноёрхлоо тогтооно тэр нь хамгийн их бэлэн мөнгөтэй хэсэг бүлэг болох магадлалтай. Үүнд улс төр орвол төрийг худалдаж авах эрсдэлтэй, ийм л байсаар ирсэн.
Тиймээс Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудал анхаарал татаад удсан. Тавантолгой компани байгуулагдсан цагаас тэнд нэлээд юм болсон. Ам нөхцөл, Гашуунсухайтын төмөр зам яагаад 16 жил гацсан, тэнд хэдэн машин байдаг болон тэдгээрийн ард ямар эзэд байгаа, машинуудын хэдэн хувь нь БНХАУ-ын Даяннуурын эздийнх, хэд нь Монголынх байдаг вэ, эдгээр хүн нийлээд ямар хэмжээний хүч хуримтлуулдаг вэ гээд олон асуудал бий.
178 гэрээний сонгон шалгаруулалт болсон, эдгээр нь шударга болсон уу, офтек болон бусад гэрээний нууцлалтай холбоотой гээд нягтлах зүйл олон бий” гэлээ.
Гэхдээ бид Оюу толгой, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн Банк, Дархан төмөрлөгийг шийдэж чадсан шиг Тавантолгойн асуудлыг ч гэсэн эцэслэн шийдэж чадна. Олон нийт эргэлзэх хэрэггүй” хэмээв.