Сүхбаатарын талбай дээр гэр барих талаар Нийслэлийн Засаг даргад хаягласан албан хүсэлт ирээгүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу гэр барих боломжгүй талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Тодруулбал, “Нүүрсний хулгай“-н эздийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал төв талбайд 9 дэх өдрөө үргэлжилж байна. Жагсаалд оролцож буй иргэдийн дийлэнх нь оройн цагаар тарж байгаа бол зарим хэсэг нь хонож байгаа юм.
Хонож буй иргэдийн зүгээс гадаа хүйтэн байгаа учир гэр барьж өгөхийг хүсэж буйгаа цахим сүлжээгээр илэрхийлсээр байгаа билээ. Харин энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дараах мэдээллийг өгч байна.
Тэдний мэдээллээр “Нийслэлийн Засаг даргад хаяглаж гэр барих зөвшөөрөл хүссэн 2 албан тоот иржээ. Эхнийх нь иргэн н.Цацрал болон н.Энхмандах нэрээр ирсэн байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу талбай дээр гэр барих боломжгүй тул холбогдох хариуг нь манай хуулийн хэлтсээс өгчээ. Яг одоо талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулж буй иргэдээс хүсэлт, шаардлага аль аль нь албан ёсоор ирээгүй. Тиймээс гэр барих зөвшөөрөл олгох боломжгүй. Хэрэв жагсагчдын зүгээс гэр барих хүсэлт ирвэл талбай дээр биш ч урьд хэсгийн авто зогсоол дээр зөвшөөрөл олгох боломжтой” гэх тайлбарыг хэлж байна.
Одоогоор, Нийслэлийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу жагсаалд оролцож байгаа иргэдийг дулаацуулах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор том оврын гурван автобусыг Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршуулаад буй.