УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар өнөөдөр 10:00 цагт эхэлсэн Ерөнхий хяналтын сонсгол түр завсарлалаа.
Нээлттэй сонсголын хурлын эхэнд үндсэн Б танхимд ирсэн хүмүүс багтахгүй байсан тул иргэдийн төлөөллийг А танхим руу хувааж оруулж буйд иргэд бухимдлаа. Учир нь тэрхүү танхимд суухаар хурлын үйл ажиллагааг дэлгэцээр үзэх бөгөөд, “Ердөө зурагт үзүүлэхээр дуудлаа. Бид төрийн ордонд зурагт үзэхээр ирээгүй. Иргэдийн үгийг сонсъё гэж бодож байгаа бол Их танхимд хуралд” хэмээн бухимдацгаасан юм.
Хэрэв иргэдийн төлөөлөл нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй бол сонсголыг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргав. Мөн Б танхимд иргэд, А танхимд албан тушаалтнууд суух санал гаргалаа. Хэрвээ үүнийг хүлээж авахгүй бол Их танхимд дэлгэц байршуулах зэрэг бэлтгэл ажил шаардлагатай тул хоёр цагийн завсарлага авах санал гаргав. Иргэдийн төлөөлөл Их танхимд хуралдах саналтай байгаа тул хоёр цагийн завсарлага авлаа.